card

Эдийн засгийн хүрээлэнгийн түүхэн замнал

1962 – 1976 оны үе

Эдийн засгийн хүрээлэн нь 1962 онд Шинжлэх ухааны академийн харъяанд байгуулагдаж, 1973 оныг хүртэл тус байгууллагын харъяанд судалгаа, шинжилгээний үйл ажиллагааг тогтмол хийж ирсэн. Энэ хугацаанд Эдийн засгийн хүрээлэнгийн захирлаар Д.Дугар ажиллаж байжээ. Авто баазын зохион байгуулалт, ачаа тээвэрлэлтийн эдийн засгийг судлан зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний материал цуглуулах, авто тээврийн хөлсний тарифыг шинэчилж, өөрчлөн тогтоох, зарим нэгдлийн бог малын хээлтүүлгийн хөдөлмөр зохион байгуулалтыг судлах, өвс хадлан, малын тэжээлийн бэлтгэлийн дүнг гаргах, нэгдлийн хөдөлмөр зохион байгуулалтыг судлах, нэгдлийн жилийн ажлыг дүгнэх, Сонгино, Шувуун фабрик, Налайх, Шохойн завод зэрэг газарт аж үйлдвэрийн хөгжил, байршлын тухайн үеийн нөхцөл байдалд судалгаа хийж байсан. 1972 оноос Хөдөлмөрийн сектор, Мэдээ-бүртгэлийн сектортой болон өргөжсөн.  1973 оноос Эдийн засгийн хүрээлэн нь Шинжлэх ухааны академи болон Улсын төлөвлөгөөний комиссын давхар удирдлага дор үйл ажиллагаагаа явуулах болсон.

1977-1990 оны үе

  • 2.1. 1977-1986 он

1976 оноос Эдийн засгийн хүрээлэн ба Үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын эрдэм шинжилгээний хүрээлэн гэсэн хоёр тусдаа хүрээлэн болсон. 1977 онд УТК-ийн 43 дугаар тогтоолын дагуу “БНМАУ-ын нийгэм-эдийн засгийн хөгжлийн хэтийн чиглэл, үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлын ерөнхий схем”-ийг нийт 23 чиглэлээр бусад хүрээлэн холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулах даалгаврын дагуу салбар бүрийн хэтийн төлөвлөгөө боловсруулж байсан. Үүнээс дурдвал, “БНМАУ-ын нийгэм эдийн засгийн хөгжлийн 1976-1990 оны үндсэн чиглэлийн төсөл”, “Хөдөлмөр- цалингийн салбарын 1990 оны хэтийн төлөвлөгөөний үндсэн чиглэлийн тооцоо”, “Тээвэр холбоог 1981-1990 онд хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөний тооцоо”, “БНМАУ-ын зам тээврийн хэтийн хөгжилтийн талаарх судалгаа”, “Аж үйлдвэрийг хөгжүүлэх 1981-1990 он хүртэл хөгжүүлэх урьдчилсан чиглэл” зэргээс гадна “БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний 2000 он хүртэлх хөгжил, байршлын шинжлэх ухааны концепцийн төсөл”-ийг ЗСБНХУ-ын Улсын төлөвлөгөөний хорооны дэргэдэх үйлдвэрлэх хүчнийг судлах зөвлөлтэй хамтран боловсруулсан.

1982 онд УТК-ын дарга, ШУА-ийн ерөнхийлөгчийн тушаалаар дээрх хоёр хүрээлэн эргэн Эдийн засгийн хүрээлэн нэрийн дор нэгдсэн бөгөөд хүрээлэнгийн захирлаар Т.Намжим, хүрээлэнгийн орлогч захирлаар Э.Нордов, орлогч захирлын үүрэг гүйцэтгэгчээр П. Лувсандорж, 8 секторын эрхлэгч болон бусад эрдмийн зөвлөлийн 8 гишүүнтэйгээр  үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. 1982 оноос 1985 оны хооронд “Тээвэр холбоог 1981-1985, 1886-1995 онд хөгжүүлэх төлөвлөгөө”, “БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний хөгжил, байршлийн ерөнхий схем”-ийн дагуу:

  • Нийгмийн дэд бүтцийн салбарууд /нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээ, худалдаа нийтийн хоол, боловсрол, соёл урлаг, эрүүлийг хамгаалах, амралт сувилал биеийн тамир, спорт/-ын 2000 он хүртэлх хөгжил байршлын үндэслэл, хэтийн чиглэл,
  • Хүн ам, хөдөлмөрийн нөөцийн өнөөгийн байдал ба 2000 он хүртэлх прогноз, нутагшил, суурьшлын хэтийн прогноз,
  • БНМАУ-ын гадаад хамтын ажиллагааны одоогийн байдал ба социалист эдийн засгийн интеграцид БНМАУ-ын оролцох хэтийн чиглэл,
  • БНМАУ-ын аж үйлдвэрийн салбаруудын /Түлш эрчим хүч, геологи, уул уурхай, металл боловсруулах болон хөнгөн, аж үйлдвэр, ой, агнуурын аж ахуй, модны аж үйлдвэрийн/ хөгжлийн байршлын одоогийн байдал \1982\, 2000 он хүртэлх үеийн хэтийн чиглэл,
  • Үйлдвэрлэлийн дэд бүтцийн салбарууд /Барилгын цогцолбор, зам тээвэр, холбоо, усны аж ахуй, материал-техникийн хангамжийн/ хөгжил, байршлын одоогийн байдал /1982/, 2000 оны хэтийн чиглэлийн үндэслэл,
  • Шинжлэх ухаан-техникийн потенциалын хөгжлийн одоогийн байдлын шинжилгээ/1982/, 2000 он хүртэлх хөгжлийн хэтийн чиглэл,
  • БНМАУ-ын эдийн засгийн райончлолын шинжлэх ухааны үндэслэл, үйлдвэрлэх хүчний 2000 он хүртэлх хөгжлийн хэтийн чиглэл
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот цогцолбор программ
  • Экспортын боломжийг нэмэгдүүлэх зорилтот программ зэрэг томоохон схем, цогцолбор программ, үндсэн чиглэлийг боловсруулж  байсан. 

1960 оноос 1983 оны хооронд давхардсан тоогоор нийт 173 судлаач үндсэн 28 сэдвийн дор эдийн засгийн ухааны доктор болон дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан байсны 11 нь эдийн засгийн ухааны доктор, 151 судлаач дэд эрдэмтэн зэрэгтэй байжээ. Судлаачид дунджаар 37 насандаа дэд эрдэмтэн, докторын зэрэг хамгаалж байсан. Дэд эрдэмтэн зэрэгтэй судлаачид дунджаар 10 жилийн дараа докторын зэрэг хамгаалсан. 



  • 2.2. 1986-1990 он

1986 онд хүрээлэнгийн захирлаар П. Лувсандорж томилогдон, эрдэмтэн нарийн бичгийн даргаар В. Нацагдорж ажиллах болсон. Энэ хугацаанд Эдийн засгийн хүрээлэн 21 сектор, 107 ажилтантай болж өргөжсөн ба голлох секторуудыг доорх хүснэгтээр харуулав.

Секторын нэр

Секторын эрхлэгч

1

Таваар-мөнгөний харилцааны сектор

Г. Оросоо

2

Муж, цогцолборын сектор

Т. Энэбиш 

3

Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн сектор

Я. Юндэн

4

Социолист байгуулалтын эдийн засгийн шинжилгээ судалгаа, прогнозын сектор

М. Хасбаатар 

5

Байршлын нэгдсэн асуудлын сектор

Ц. Сийлэндорж

6

Үйлдвэрлэлийн дэд бүтцийн сектор

Б. Балжинням

7

Нийгмийн хүрээний үйлчилгээний сектор

Ш. Өлзийбат 

8

Хүн ам, хөдөлмөрийн нөөцийн сектор

Б. Бэхтөр

9

Төлөвлөлтийн арга зүй, аж ахуйн механизмын сектор 

Ж. Баасандаш

10

Зураг мэдээллийн сектор

Г. Ринчин

11

Тооллогын комисс

Ш. Өлзийбат

12

Нийгмийн хөгжлийн сектор

Д. Пүрэв

1988 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо байгуулагдсанаар Эдийн засгийн хүрээлэнгийн зарим сектор татан буугдаж, зарим секторуудыг нэгтгэсэн. 1990 оны 2-р сард Эдийн засгийн хүрээлэн нийт 96 ажилтантай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан.

1986-1990 онд Эдийн засгийн хүрээлэнгийн дэргэдэх эрдмийн зөвлөлийн хурлыг 13 удаа хийж 26 судлаачдыг дэд эрдэмтний зэрэг хамгаалуулсан. Хүрээлэн 1986-1990 онд өмнөх үеийн судалгааны чиг хандлагыг хадгалан, нэмэлтээр дараах судалгаа, цогцолбор программуудыг боловсруулсан. Үүнд:

  • БНМАУ-ын шинжлэх ухаан техникийн дэвшлийн 2005 он хүртэл үеийн программыг бие даасан 3 сэдэвт задлан, 16 дэд программаас бүрдсэн 27 боть бүтээл,
  • “1990 оноос зах зээлийн нөхцөлд хүний эдийн засгийн эрх чөлөө болон амьжиргааны түвшний нийгмийн баталгааг хангах” сэдэвт судалгаа,
  • БНМАУ-ын үнийн системийг боловсронгуй болгох концепц,
  • “Өмчийн тухай хууль”-ийн төсөл,
  • “Үйлдвэрлэх хүчний зангилаа асуудлууд” сэдэвт судалгааны хүрээнд “БНМАУ-ын нийгэм эдийн засгийг 2010 он хүртэл хөгжүүлэх прогноз” хийгдэж байсан ч ШУА-ын тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 09 тоот протоколын дагуу 2-р улирлаас зогсоосон.

  • 2.3. 1986-1990 онд гадаад хамтын ажиллагаатай байсан хүрээлэнгүүд:

 

  • ЗСБНХУ-ын ШУА, ЗХУ-ын ШУА-ын эдийн засгийн хүрээлэн, 
  • ЗХУ-ын Улсын төлөвлөгөөний хорооны дэргэдэх Үйлдвэрлэх хүчнийг судлах зөвлөл, 
  • ЗХУ-ын ШУА-ийн Дэлхийн социалист системийн эдийн засгийн хүрээлэн, 
  • ЗСБНХУ-ын ШУА-ийн Гадаад орнуудын нийгэм-эдийн засгийн асуудлын хүрээлэн, 
  • ЗХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн эдийн засаг, зохион байгуулалтын хүрээлэн,
  • ЗХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Буриадын салбарын нийгэм-эдийн засгийн судалгааны хэлтэс
  • Дэлхийн социалист системийн эдийн  засгийн асуудал судлах олон улсын институт
  • БНАГУ-ын ШУА-ийн Эдийн засгийн ухааны төв хүрээлэн

1990-1997 оны үе

Эдийн засгийн хүрээлэн 1990 оны нэгдүгээр улирлыг дуустал БНМАУ-ын Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороо, Шинжлэх ухааны академийн давхар харъяалалтай, 13 сектор, 97 ажилтантай байсан. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 140 дүгээр тогтоол, ШУА-ын тэргүүлэгчдийн 1990 оны 4 сасрын 3-ны 09 тоот протоколын дагуу хүрээлэн ШУА-д харъяалагдах болж, бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Энэхүү зохион байгуулалтын өөрчлөлтөөр тус хүрээлэнд хийж байсан үйлдвэрлэх хүчний хөгжил байршилтай холбоотой судалгааг зогсоож, бүхэлдээ эдийн засгийн онолын судалгааг давамгай явуулах чиглэл тогтсон. 1990 онд Эдийн засгийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн даргаар П.Лувсандорж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Л.Дондог, эрдмийн зөвлөлийн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. 1992-1995 оны хооронд хүрээлэнгийн захиралаар Л.Дондог, дэд захиралаар С. Лхагва ажиллаж байсан.

Секторын нэр

Секторын эрхлэгч

1

Өмчийн сектор

Д. Дагвадорж\ЭЗ-ийн ухааны дэд эрдэмтэн\

2

Эдийн засгийн өсөлтийн сектор

В. Нацагдорж\ЭЗ-ийн ухааны дэд эрдэмтэн\

3

Зах зээлийн сектор

Л. Дондог\ЭЗ-ийн ухааны дэд эрдэмтэн\

4

Хүн амын эдийн засгийн асуудал судлах сектор

С. Баатар\ЭЗ-ийн ухааны дэд эрдэмтэн\

5

Нээлттэй эдийн засгийн бодлогын сектор

С. Лхагваа\ЭЗ-ийн ухааны дэд эрдэмтэн\

1990 оны 4-р сарын 16-ны ШУА, ЭЗХ-ийн захирлын тушаалаар ЭЗХ-ийн орон тоо хасагдсантай холбогдуулан нийт 51 ажилтан ажлаас чөлөөлөгдөн, захиргааны 3 ажилтан, аж ахуйн болон тооцооны 10 ажилтан, 5 секторын 37 ажилтан, нийт 50 ажилтаны бүрэлдэхүүнтэй болсон. 1990 оны 6  сарын 16-нд 45 ажилтантай байсан бол 1992 оны 6 дугаар сарын 21-нд 27 ажилтан, 1994 оны 1 дүгээр сарын 1-нд 26 ажилтан, 1995 оны 7 дугаар сарын 21-нд 20 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон. Энэ хугацаанд зах зээлийн эдийн засагт шилжин, нэг намын тогтолцоо халагдсантай холбоотойгоор ажилчид болон секторыг цомхотгосон. Энэ үед ШУА-ын ерөнхийлөгч болон ЭЗХ-ийн захирлын хоорондын гэрээний дагуу тогтсон судалгааны сэдвүүдээр судалгаа хийх болсон. Жишээлбэл:

  • 3.1. Зах зээлийн эдийн засагт шилжих тухай 1992-1993 онд боловсруулсан төсөл

1. Зах зээлийн тогтолцоо төсөл “Дэлхийн хөгжингүй орнуудад зах зээлийн тогтолцоо бүрдсэн туршлага”

  • “Монгол улсын нөхцөл дэх зах зээлийн тогтолцооны загвар”-ын талаар судлаачдын төсөөлөл
  • Үндэсний хөгжлийн үзэл баримтлал эхний хувилбар
  • Өмч хувьчлалын явц, дүгнэлт илтгэл
  • Монополийн хязгаарлах, шударга өрсөлдөөнийг дэмжих илтгэл, хуулийн төсөл
  • Монгол улс: ГХО, худалдаа, жуулчлал ном бэлтгэж,хэвлүүлэх

2. Үндэсний эдийн засгийн хөгжлийн онол

  • Дэлхийн орнуудын хөгжлийн загваруудын илтгэл
  • Монгол улсын үндэсний эдийн засгийн “гэр”  загвар илтгэл
  • Эдийн засгийг жолоодох арга хэрэгслүүд илтгэл
  • Монгол улсын эдийн засгийн одоогийн байдал, үнэлэлт, дүгнэлт илтгэл
  • Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх концепц, хуулийн төсөл

3. МУ-ын ЭЗ-ийн тусгаар тогтнол

  • Үндэсний эдийн засгийн тусгаар  тогтнол, хараат байдлын зэрэглэлийг тодорхойлох тухай зөвлөмж

  • 3.2 Эдийн засгийн хүрээлэнгийн дэргэдэх зөвлөх төв

1994 оны 6 сарын 6-ны ажилчдын зөвлөгөөний протоколын дагуу хүрээлэнгийн дэргэд “Зөвлөх төв”  байгуулан гүйцэтгэх захирлаар М.Хасбаатарыг томилон ажиллуулсан. Зөвлах төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

  1. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг (ном, бүтээл, өгүүллэг, аргачлал зөвлөмж г.м) зах зээлд борлуулах;
  2. Бусдын захиалгаар судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бүтээл, төсөл, ажлын талаар зөвлөгөө, тодорхойлолт, санал өгөх;
  3. Эдийн засгийн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, бүтээл борлуулах, сургалт явуулах талаар дотоод ба гадаадад зуучлах
  4. Эдийн засгийн мэдээлэл цуглуулах, түгээх ба борлуулах
  5. Бусдын захиалга, гэрээгээр сургалт явуулах
  6. Үр ашигтай бусад хэлбэрийн ажил үйлчилгээ гүйцэтгэх

  • 3.3. 1996 онд хэрэгжүүлсэн төслийн тайлан

Төслийн нэр

Төслийн удирдагч

Эхлэх, дуусах хугацаа

Санхүүжилт \мян.₮\

1

Хуримтлал- хөгжил

В. Нацагдорж

1996-1998

1063.0

2

Байгаль-малын нөөц

К. Аксолтан

1996-1998

1500.0

3.

Хөдөлмөр ба хөгжил

Б. Бэхтөр

1996-1998

1092.0

4

Технологи ба хөгжил

Д. Ганзориг

1996-1998

2702.0

5

Монголын эдийн засгийн хөгжлийн төлөв\нэгдсэн төсөл\

П. Лувсандорж

1996-1998

950

 

НИЙТ ДҮН

   

7307.0

1997 онд Эдийн  засгийн хүрээлэн Монгол Улсын Их Сургуулийн харъяалалд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон. 1999 оны 1-р сарын 1-ний Эдийн засгийн хүрээлэнгийн захирлын тушаалын дагуу хүрээлэнгийн 5 секторыг татан буулгаж, Эдийн засгийн хөгжлийн сектор, Эдийн засгийн бодлогын секторыг шинээр байгуулсан.  Энэ үеэс хүрээлэн үндсэн 3 хэсэгтэй болж, захиргаанд 4 ажилтан, Эдийн засгийн хөгжлийн секторт 4 ажилтан, Эдийн засгийн бодлогын секторт 7 ажилтаны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. 

  • 1997-2012 оны хооронд хүрээлэнгийн захирлаар П. Лувсандорж
  • 2012-2015 оны хооронд Б. Алтанцэцэг
  • 2015-2018 оны 4 сарын23 хүртэл Б. Түвшинтөгс
  • 2018 оны 4 сарын  23-наас Х. Цэвэлмаа

(+976) 7575-4400 /1233/

ei@num.edu.mn

МУИС Хичээлийн V байр, 503 тоот өрөө
Бага тойруу 48 Улаанбаатар 14210