МЭНДЧИЛГЭЭ
Тэртээх 60 жилийн өмнөх энэ өдөр бол Эдийн засгийн хүрээлэнг Шинжлэх Ухааны Академи, Улсын Төлөвлөгөөний комиссын дэргэд үйлдвэр, хөдөө аж ахуй, улс ардын аж ахуйн төлөвлөгөөжүүлэлт гэсэн гурван тасагтайгаар байгуулах МАХН-ын Төв Хороо болон Сайд нарын Зөвлөлийн хамтарсан тогтоол гарч байсан түүхт өдөр.
Үндэсний хэмжээнд эрдэм шинжилгээний ажилтнуудтай болж, хүрээлэнгийн үйл ажиллагааг тогтмолжуулахад дахин нэг жил шаардагдаж байсан үе.
Шинжлэх Ухааны Академи, Улсын Төлөвлөгөөний Комисс гэсэн хоёр байгууллагын харъяанд ээлжлэн 35 жил ажиллахдаа Эдийн засгийн хүрээлэнгийн удирдлагууд, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд нь Монгол Улсын хөгжлийн зангилаа асуудлын онолын суурь судалгааг түүчээлж, хэрэглээний шинжлэх ухааны олон салбарын асуудлыг шинжлэн боловсруулж, Монгол Улсын хөгжлийн бодлогын шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргахад үнэтэй хувь нэмрийг оруулсан. Улмаар эрдэм шинжилгээний ажлаараа олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний ажлын байр сууриа бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагын түүчээ болох Эдийн засгийн хүрээлэн нь эрдмийн зэрэг цолтой, эрдмийн зэрэг горилох судлаачдын баазыг удирдан чиглүүлж, эрдэм шинжилгээний байгууллагын бодлого, менежментийг түүхэн цаг хугацаандаа эрдмийн ёс зүйтэйгээр гүйцэтгэж, хагас жарны хугацааг туулсан билээ.
Эдийн засгийн хүрээлэн 1997 онд ШУА-иас МУИС руу шилжин ирснээс хойшхи сүүлийн 25 жилийн хугацаанд шинжлэх ухааны уламжлалт суурь судалгааг голлон гүйцэтгэж, МУИС-ийн Эдийн засгийн сургууль (хуучин нэрээр), Эдийн засгийн тэнхимийн багш нар, бусад их сургуулиудын багш нарыг судалгаа, эрдэм шинжилгээний ажлаар дэмжин ажиллаж, глобал орчин дахь шинжилгээний ухааны радикал судалгааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирлээ. Эдийн засгийн шинжлэх ухааны онолын судалгаа, салбар хоорондын эмпирик судалгаа туршилт, хөгжлийн бодлогын судалгаа гээд олон чиглэлээр Монгол судлалын судалгааг дэмжин ажиллаж байгаадаа баяртай байна.
Хүрээлэнг удирдаж байсан үе үеийн захирлууд, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, нийт судлаачид, ЭША нартаа энэхүү мэндчилгээгээрээ дамжуулан мэхийн хүндэтгэл үзүүлэхийн ялдамд гавъяаны амралтаа эдлэн суугаа ахмадууддаа, одоо хамтран ажиллаж байгаа МУИС-ийн эрдэмтэн багш нар, гэрээт судлаачид, олон талт хамтын ажиллагаатай байгууллага, хамт олонд МУИС-ийн ЭЗХ байгуулагдсан түүхт өдрийн мэндийг хүргэж, Та бүхний хүчин чармайлтад чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаа