Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна.
Геополитикийн хурцадмал, ээдрээтэй нөхцөл байдал нь дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, улс хоорондын үл ойлголцлыг сэдрээж байгаа энэ цаг үед аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн.
2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна.
Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.
Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.
Ирэх 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээний бодит туршлага, сургамжид тулгуурлан далайд гарцгүй улсуудын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.
Ирэх 2024 оны есдүгээр сард “Сайн сайхан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааны шийдлүүд” сэдвийн дор болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг бататгах, олон талт хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх, авсан амлалтуудыг биелүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн орнуудын дунд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: president.mn