Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчид ӨМИС-д зочиллоо.

2023 оны 9-р сарын 8-нд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,  Дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар,  Дэд ерөнхийлөгч асан, академич Т.Дорж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа, МУИС-ийн УТОУХНУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Батцэцэг, СУИС-ийн Соёл судлалын сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг нарын 11 хүний ​​бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид ӨМИС-д зочиллоо. Мөн ӨМИС-ийн дэд захирал, профессор Эрхэмбаяр, Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны газрын дэд захирал, профессор Дуан Манфу, Монгол Улсыг судлах төвийн захирал, профессор Баярмэнд болон бусад багш нар оролцлоо.

ӨМИС-ийн Олон улсын хамтын ажиллагааны  газрын дэд захирал, профессор Дуан Манфу тус  сургуулийн хөгжлийн түүх, сургуулийн стратеги төлөвлөгөө цар хүрээ, давуу тал болон ахисан түвшний судалгааны үр дүн, “Дэлхийн шилдэг сургууль, шилдэг шинжлэх ухааны байгуулга болох зорилт” дэвшүүлэн ажилласнаас хойш  сургуулийнхаа сургалтын чанар хурдацтай дээшилсэн талаар товч танилцууллаа. Үүний зэрэгцээ ӨМИС нь МУИС болон Шинжлэх ухааны судалгааны байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаагаа байнга чухалчилж, хамтарсан судалгаа хийж, оюутан солилцоо, сургах чиглэлээр үр дүнтэй ажиллаж  ирснийг онцоллоо.

Мөн  Монгол улсыг судлах төвийн захирал профессор Баярмэнд тухайн судалгааны төвийн үйл ажиллагаа болон сүүлийн жилүүдэд хийгдсэн шинжлэх ухааны судалгааны ажлын ололт амжилтыг танилцууллаа.

Монгол улсаас Академич Д.Рэгдэл Монгол улсын ШУА-ын гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил болоод саяхан байгуулагдаж буй ШУА-ийн Их сургуулийн магистрант, докторантурыг бие даан бэлтгэх хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцууллаа.   Үүний зэрэгцээ Монгол улсын ШУА нь олон улстай  хамтын ажиллагаатай бөгөөд ӨМИС-тай харилцаа  хамтын ажиллагааг чухалчлан үзэж байна гэлээ.

ӨМИС-ийн дэд захирал, Профессор Эрхэмбаяр сургуулийнхаа нэрийн өмнөөс ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон  төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол улсын  их дээд сургууль, шинжлэх ухааны судалгааны байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.

https://www.imu.edu.cn/