Сүүлийн 20 жилийн 15-д нь алдагдалтай батлагдсан Төсвийн тухай хууль жил бүр шүүмжлэл, хэл ам дагуулах нь ёс мэт болжээ. Сонгуулийн жилд зориулж түүхэнд байгаагүй том төсөв батлагдахаар байгаа нь бодлогын хүү өндөр, олон улсын тодорхойгүй байдал нэмэгдсэн энэ үед эдийн засагчдын санааг зовоох нь дамжиггүй.
Эсрэгцсэн бодлогууд
Өмнөх оны төсвөөс таван их наяд төгрөгөөр тэлэхээр байгаа 2024 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж эхлээд байна. Сангийн яамнаас тайлбарлаж байгаагаар дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулж харвал зарцуулалт нэмэгдэх нь зайлшгүй зүйл аж. Ирэх онд нүүрсний экспорт 60 сая тонн хүрч, эдийн засгийн өсөлт Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сангийн төсөөллөөс өндөр буюу долоон хувиар өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэйгөөр Сангийн яам төсвийн төслөө танилцуулж байна.
Сүүлийн 12 жилийн наймд нь төсвийн тодотгол хийж, түүний дийлэнхэд нь анх баталсан орлогоо дунджаар 10 хувиар бууруулж байсныг судлаач А.Батпүрэв хэлж байлаа. Төсвийн бодлого тогтворгүй байснаар эдийн засаг тогтворгүйжиж, түүнийг дагаад мөнгөний бодлого тууштай бус, зээлийн хүүг бууруулах орчин хязгаарлагдаж буйг тэрбээр анхааруулсан юм.
Монголбанк ирэх онд инфляцыг онилсон бодлогоо үргэлжлүүлж, дунд хугацаандаа зургаан хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого баримтлахаа танилцуулаад байна. Сүүлийн байдлаар инфляц хоёр оронтой тоонд хадгалагдсан хэвээр байгаагаас харвал мөнгөний чанга бодлого ирэх онд үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байж болох нь.
Эх сурвалж: https://www.bloombergtv.mn/