Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал механизм болж хөгжиж буйг Талууд өндрөөр үнэлж, тус механизмаар дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хооронд хэлхээ холбоо тогтоон худалдааг дэмжиж ажиллахаар тохиров. Мөн хоёр улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө хоёр талын давуу тал, нөөц боломжийг дайчлан ажиллахаар болов. Талууд хоёр орны аж ахуйн нэгжүүдийг холбоход чухал үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлж буй Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Вьетнам, Монголын бизнесийн зөвлөл” болон Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Монгол, Вьетнамын бизнесийн зөвлөл” зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв.
Эх сурвалж: https://president.mn/