Х.Цэвэлмаа: Бүсийн хөгжил хувийн хэвшилд тулгуурлавал бодит үр дүн гарна

МУИС, Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, профессор Х.Цэвэлмаатай Монгол Улсын хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн талаар ярилцлаа.

-Эрх баригчид сонгуулийн тойргийг бүсчилж хувааж, 2024 оны сонгуулиа явуулахаар боллоо. Сонгуулийн тойргийг бүсчилж хувааж байгаа нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой гэж Та харж байна вэ?

-Эдийн засгийн бүс, улс төрийн сонгуулийн тойргийн бүсийн хооронд хэд хэдэн зарчмын ялгаа бий. Эдийн засгийн бүсийг ихэвчлэн үр ашигтай хөрөнгө оруулалт, урт хугацаандаа ямар хөрөнгө оруулалт хийвэл ажлын байр нэмж, илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэгт тулгуурлан ярина. Харин улс төрийн хүрээнд бол сонгогчдын санал тал руу илүү ярина байх. Өөрөөр хэлбэл, сонгогчдод юу санал болгох вэ гэдэг байдлаас нь харах болов уу. Сонгуулийн тойргийн бүс дотроо Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг тойрог болгочихлоо. Гэтэл эдийн засгийн хүрээнд авч үзвэл баруун таван аймгийг нэг бүс гэдэг. Энэ талаас харвал, газарзүйн байршлынхаа хувьд сонгуулийн тойрог ялгаатай тодорхойлогдож байна.

-Монгол Улсын Хөгжлийн бодлогын баримт бичигт бүсийн хөгжил гэж яригдаад байдаг. Гэхдээ энэ бодлого өнөөг хүртэл хэрэгжиж, ажил хэрэг болж чадахгүй байсныг Та юу гэж дүгнэдэг вэ?

-1990 оноос өмнө Монгол Улсын хөгжлийг баруун, зүүн, төвийн гэх гурван бүсээр авч үзэн төлөвлөж байсан. Харин 1990-2002 он хүртэл бүсчилж хөгжинө гэдэг зүйл бараг яригдаагүй. Учир нь, тэр он жилүүдэд тогтолцооны шилжилт явагдаж байсан. 1995 оноос бүсчилж хөгжих асуудлыг ярьж байгаад 2001 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гарсан. Дараа нь 2003 онд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, удирдлага зохион байгуулалтын тухай хууль гарсан. Энэ бүхнээс харвал, эхлээд бодлогын ерөнхий чиглэл нь гарч, дараа нь түүнийг хэрэгжүүлэх хууль нь гарч байсан. Эдгээрийн дараа хэрхэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны хийгээд техникийн зохицуулалт гарах байсан. Харамсалтай нь, энэ ажил хийгдээгүй, тодорхойгүй орхигдсон.

2007 онд Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц стратегийг боловсруулж гаргасан.  Энэ нь 2007-2015, 2015-2022 он гэсэн хоёр үе шаттай нэгдсэн бодлого байсан ч “Алсын хараа-2030” Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гарч, өмнөх хэрэгжүүлэхээр баталсан бодлогоо УИХ хүчингүй болгосон. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар нэг хууль 10-20 орчим жил болоод өөрчлөгдөж, шинэчлэгдэх үе шаттай гэж тооцвол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хугацаа дууссан. Ер нь Засгийн газар ойр, ойрхон солигдож байсан учраас Монгол Улсад бүсийн хөгжлийн тухай асуудал бүрэн хэрэгжээгүй. Үзэл баримтлал байсан ч хэрэгжүүлээгүй. Дараагийн үзэл баримтлал батлагдаж байж хуучин нь хүчингүй болох учиртай. Улс төрийн сонгуулийн тойрог эдийн засгийг хуваасан таван бүстэй давхцахгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бүс, сонгуулийн тойрог хоёр зөрнө.

-Сонгуулийн тойргоор хуваасан бүсүүдийг нийгэм, эдийн засгийн онцлогт нь тулгуурлан хөгжүүлнэ гэж яриад байгаа шүү дээ. Энэ зөв шийдэл үү?

-Эхлээд Хөгжлийн бодлого гарах ёстой. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого 2030” бол бодлого биш. Энэ бол чиглэл буюу удирдамж гэсэн үг. “Шинэ сэргэлтийн бодлого 2030” бол Ковидын дараах эдийн засгийг сэргээх бодлого. “Алсын хараа 2050” бол тогтвортой хөгжил рүү буюу тодорхой найман асуудалд тулгуурласан баримт бичиг. Эхлээд бодлого тодорхойлогдох ёстой гэдэг нь энгийнээр бол эдийн засгийн хөгжлийн бодлогоо ярь гэж байгаа юм. Монгол Улс аж үйлдвэрийг хэрхэн хөгжүүлэх юм бэ?... Уул уурхайн үйлдвэрийн байршил нь тодорхой байсан учраас тухайн бүсийг хот болгон хөгжүүлж байна. Үүний жишээ бол Эрдэнэтийн уурхайг дагасан Эрдэнэт хот байна. Эрдэнэт бол 50 жилийн өмнөх үйл явц. Оюу толгой төсөл гэхэд сүүлийн 10 жилийн үйл явц. Сүүлийн 10, 50 жилийн хугацаанд эдийн засгийн хоёр бүс үүссэн байна гэсэн үг.

Энэ хоёроос өөр газар уул уурхайн олборлолт хийгдэж байгаа ч бүс үүсээгүй байна. Тэр газруудад бүс үүсэж чадах уу, үгүй юү гэдэг асуудал байна.

Үүнтэй адил Монгол Улсын 21 аймагт таван хошуу мал нь тархсан. Тэмээ гэхэд говийн бүсэд илүү байх жишээтэй. Тэгвэл говиос бусад бүсэд тэмээ бага тоотой байгаа бол тэнд аль толгой мал илүү тоотой байх вэ гэдэг бодлого, чиглэл тодорхойгүй байна. Мал аж ахуйн гол суурь нөхцөл нь малын үүлдэр. Аль бүсэд малын ямар үүлдэрийг гол чиглэл болгох вэ гэдэг бодлоготой байх ёстой. Газар тариалан гэхэд хөрсний судалгаанаас асуудал эхэлдэг. Хөрс нь байгаль дээр ямар зохицолдлогоотой юм бэ, түүн дээр нь тулгуурлаад ямар газар тариалан эрхэлбэл илүү байх юм бэ гэдэг нь тодорхой болно. Ийм бодлого байхгүй байна, уламжилж ирснээрээ л ажиллаад байгаа биш үү. Шинээр бүтээх зүйл нь дийлэнх бүсэд тодорхой болоогүйг хэлээд байна.

-Бүсийн хөгжлийг дэмжиж, шийдвэл хот руу чиглэсэн төвлөрөл багасна гэж ярих юм. Гэхдээ тийм амар шийдэгдэх асуудал биш. Ямар бодлого гарахаас хамаарч урт хугацаанд үр дүн гарах болов уу?

-Хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогын үр дүн багадаа 10-30 жилд харагдана. Өнөөгийн шинэ үеийнхнийг ажил эрхлэлтээр хангах, тэдний цалин хөлсийг харьцангуй өндөр болгох асуудал гараад байна. Энэ шинэ үеийнхэн хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариаланг хэр сонирхож ажиллах билээ? Дэлхийн нийтийн хандлагыг харахаар шинэ үеийнхэнд “хотжилт” чухал байна. Иймд бүсчилж хөгжүүлэх төвүүд ногоон хот байх юм уу, дижитал болгох юм уу зэргээр бодлогоо маш тодорхой гаргах нь чухал. Хөгжлийн бодлогоо тодорхой болгож байж л түүнийг зохицуулах хууль гарвал институцийн зардал бага байх юм. Хуулийн дараа зохицуулах дүрэм, журам гарна. Энэ логикийн дагуу хэм хэмжээний зохицуулалтыг бүгд ойлгож, зөв хиймээр байна.

Мөн юуг төрөлжүүлж хөгжүүлэх юм бэ гэдэг чиглэл хэрэгтэй. Чиглэлийг гаргахын тулд  бүсчилсэн хөгжил гэдэг үзэл баримтлал хэрэгтэй. Үзэл баримтлал нь гарчихвал түүнийг дагаад хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологи, инновацын бодлого нэгэн зэрэг тодорхойлогдоно. Эдгээр бодлого цогцоороо байж л илүү зөв бодлого гарч ирнэ шүү дээ.

-Засгийн газраас ирэх хаврын чуулганаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлуулахаар ажиллаж байгаа. Үзэл баримтлалаар тодорхой чиглэлүүд гарах юм байна. Таныхаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн гол чиглэл юу байх вэ?

-Өнөөгийн нөхцөлд бүсийн хөгжлийн хамгийн сайн жишээ гэвэл уул уурхай дагасан 50, 10 жилийн хоёр л жишээ байна. Ер нь хувийн хэвшлээ дэмжин хөгжүүлэхээр харвал илүү бодитой үр дүн гарна. Хэвийн хэвшил шинэ шинэ ажлын байр бүтээдэг, илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Одоо яригдаж байгаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал нь хувийн хэвшилд түшиглэн орон нутгаа хөгжүүлэх чиглэлтэй байна. Хэрвээ улстөрчид 2024 оны сонгуулиар тухайн бүс нутагтаа ямар бизнесийг илүү хөгжүүлэх вэ, хувийн хэвшлийг хэрхэн дэмжих вэ гэж ярьж байвал бүс нутгийн хөгжлийн өнгө аяс цухалзаж байна гэж харж болохоор. “Манай нам ийм юм хийх гэж байгаа, бид нар ийм юм хийнэ, бүтээнэ” гэж яривал өмнөхөөсөө ялгарах юм байхгүй дээ. Бодлого, зохицуулалтын дор дүрэм журам байх ёстой. Дүрэм, журам бас хамгийн чухал хэсэг. Яагаад чухал вэ гэвэл, тухайн бүсийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хувийн хэвшлийг дэмжих байгууллагуудын чиг үүргийг тодорхойлно. Жишээ нь, Засгийн газар хувийн хэвшлийг хамгаалах уу, дэмжих үү гэдэг нь гол үүрэг. Хоёрт, хувийн хэвшил юуг бүтээх юм бэ. Байгаа нөөцийг ашиглаад бүтээх үү, эсвэл шинэ нөөцөөр бүтээх үү гэдэг нь хувийн хэвшлийн чиг үүрэг. Эрдэм шинжилгээний байгууллага гэхэд судалгаа шинжилгээ, шинэ зах зээл, шинэ бүтээгдэхүүн, ажлын байрны судалгааг хийх чиг үүрэгтэй. Сургалтын байгууллага гэхэд тухайн хувийн хэвшилд хэрэгцээтэй байгаа ур чадвартай ажиллах хүчийг бэлтгэх чиг үүрэгтэй. Санхүүгийн байгууллага нь хувийн болон төрийн хэвшлийн байгууллагыг хөрөнгө оруулалтаар дэмжихийн тулд гадаад дотоод эх үүсвэрийг татан төвлөрүүлж дэмжих үү, эсвэл даатгалаар дэмжих үү, аль эсвэл биржийн бус арга хэрэгслээр дэмжих үү гэх мэт. Ийм чиг үүргүүд тодорхой байвал давхцал үүсэхгүй.

Чиг үүргийн хувьд гурван түвшний асуудлыг бодож үзэх ёстой. Нэгд, салбар дотроо том, дунд, жижиг, өрхүүд олон чиглэлийн бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ салбар доторхи бизнесийн нэгжийн чадавх өөр байгаагаас хамаарч тэдний дэмжлэг ялгаатай байх ёстой.

Хоёр дахь нь салбаруудыг хооронд нь уялдуулах. Жишээ нь, хөдөө аж ахуй хүнс болон хөнгөн үйлдвэртэй холбогдоно. Энэ мэтээр уялдааг нь маш сайн хангах ёстой.

Гурав дахь нь, Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнийг, тэр дотроос ХАА-н ямар бүтээгдэхүүнийг хаашаа гаргах вэ гэдгийг тодорхой болгож, хувийн хэвшлийнхний экспорт хийх замыг Засгийн газар чиглүүлж (чөлөөт худалдааны хэлэлцээртэй болохоор) ажиллах ёстой. Салбаруудыг хэрхэн уялдаатай ажиллуулах уу гэдэг дээр “Бүсийн зөвлөл” ажиллах боломжтой, компаниуд яаж хамтран ажиллах вэ гэдэг дээр мэргэжлийн холбоод манлайлдаг жишээ байна.

Бид хэрэгжилт, зохион байгуулалт, менежментийн тал дээр алдаад байна. Үүнээс болж л хийдэл, тасалдал, цоорхой гэдэг зүйл үүсэж байна.

-Гадны хөгжсөн улсуудын түүх, жишээг харахад тодорхой чиглэл, эсвэл хувийн хэвшлээ түшиглэн хөгжлөө ахиулсан харагддаг. Өмнөд Солонгос гэхэд Самсунгийнхаа нөлөөллөөр хөгжлөө дэмжсэн гэдэг шүү дээ. Гадны улсуудын жишээг эргэн санавал…

-Сүүлийн 100-120 жил дэлхийн хүн амын амьжиргааны түвшин аж үйлдвэрт тулгуурлаж хурдтай хөгжсөн. Аж үйлдвэрийн жижиг том компаниудын бөөгнөрөл тухайн нэг газарзүйн байршилд гарч ирсэн. Жишээ нь, манай хөрш Хятад гэхэд эдийн засгийн бүсүүдийг зохион байгуулалттайгаар хөгжүүлсээр байна. Өмнөд Солонгос экспортын боловсруулалтын бүс гэж тусад нь байгуулж, бүсчиллийн хувьд алдаж оносон туршлагатай. АНУ гэхэд зүүн эргийн таван мужид шинжлэх ухааныг түлхүү хөгжүүлсэн байдаг. Мэдээллийн технологийн салбар Цахиурын хөндийг үүсгэсэн байх жишээтэй. Үйлдвэрийн бүс хөгжөөд дараагийн түвшин рүү шилжихдээ том үйлдвэрүүд нь бусдыгаа татаж, нийлүүлэлтийн сүлжээ, өртгийн сүлжээг хөгжүүлсэн. Татаж хөгжүүлэхдээ орон зайн хувьд ялгаатай байж болно. Том компаниудын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээ нь дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээг үүсгэсэн.

Азийн орнуудын хөгжлийн загварыг харахаар Засгийн газар нь удирдсан байна. Өмнөд Солонгос гэхэд кластерын гол бүс буюу кластерын комплексийг Тэжон, Тэгүд төвлөрүүлсэн. Тархи судлалын хүрээлэн, автомашины эд ангиудын судалгаа хийдэг хүрээлэн нэг байршилд төвлөрсөн. Түүнийг дагасан бусад бизнес цэцэглэж байна. Мөн Samsung, LG, Hyundai, Kia зэрэг электрон болон автомашины үйлдвэрүүд нь төрөлжин хөгжсөнийг бүгд мэднэ. Сингапур гэхэд мөн л далайн тээврээс эхлээд бусад салбараа хөгжүүлсэн байна.

Одоо үйлдвэрлэл ба мэдээллийн технологи нь орон зайн төлөвлөлтөд чухал холбоос болсон. Өмнө нь үйлдвэрлэлийн технологийг чухалчилдаг байсан. Одоо харин үйлдвэрлэлийг мэдээллийн технологиор удирддаг болсон. Мэдээллийн технологи санхүү, хөрөнгө оруулалт, худалдааг ч удирдаж байна. Энэ талаас нь харвал төвлөрөл гэдэг зүйл чинь нэг байршлаас илүү нэг мэдээллийн хаб дээрээс удирддаг болж байна шүү дээ.

-Цаашид манай улс бүсийн хөгжлөөр явахаар болбол төсөв болон хөрөнгө оруулалтад ямар өөрчлөлтүүд гарах бол?

-Асар их өөрчлөлт гарна. Гол нь бүх түвшинд засаглалыг хөгжүүлэх хэрэгтэй. Орон нутгийн засаглал, бүсийн засаглал, үндэсний түвшний засаглал гэх мэт. Өнөөдөр үндэсний түвшинд бодлого гаргаж байгаа Засгийн газар 21 аймаг 330 сумд хүрч ажиллах нь асар өндөр зардалтай байна. Сум өөрөө эдийн засгийн хувьд бие даах хэрэгтэй. Сумаа бие даах ажлыг сум, аймгийн Засаг даргын тамгын газар юм уу, томоохон хувийн хэвшилтэйгээ хамтарч хөгжүүлэх цаг ирсэн. Гурваас дөрвөн аймгийг нэгтгэж байгаа болохоор бүсийн зөвлөл ажиллах болно. Өмнөх хуулиар ажиллаж чадаагүй шалтгаан нь бүсийн зөвлөлд дандаа төрийн байгууллагынхан орсон. Өөрөөр хэлбэл, дангаараа төр удирдана гэсэн засаглалын бүтэц байсан. Тиймээс одоо төр гэхгүйгээр бизнес нь өөрөө тогтвортой үйл ажиллагаа явуулаад түүнийг тэлэх, өргөжүүлэх чиглэлд явах ёстой. Өөрөөр хэлбэл, тэлэх, өргөжих гэж байгаа бизнест хөрөнгө оруул гэсэн үг. Түүнээс хэн юм хийж байна түүнд л өгнө гэсэн зарчим оновчгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй ашиглагдаад байна.

Бүс бол хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн асуудлыг бүхлээр нь шийдэх засаглал, менежменттэй байгаа юм. Тогтвортой байгаль орчин болон хүрээмжтэй нийгмийн асуудалд хүрэх үр ашигтай эдийн засаг хэрэгтэй байна. Энэ гурвыг холбох асуудал ярьж байгаа бол бүсчилсэн хөгжлийг ярих нь зүйтэй. Мөн хөгжил ярих гэж байгаа бол өрсөлдөх чадварыг л яръя. Хэн нь зардлаа бууруулж чадаж байна, ашиг олох гээд гацаад байгаа тэрхүү бизнесийг л дэмжье. Ганц салбарыг онцлохгүйгээр кластераар нь хөгжүүлж, салбарууд уялдаа холбоотой ажиллах тийм л хөрөнгө оруулалтыг дэмжье. Бүх салбарыг бус бүтээмжтэй салбарыг дэмжвэл цалин өснө, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэнэ, Монгол Улсын эдийн засаг өснө. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: https://itoim.mn/