МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаатай Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, эдийн засгийн ач холбогдлын талаар ярилцлаа.
-“Бүсчилсэн хөгжил” гэж их ярьж байна. Тэгвэл бид бүсчилсэн хөгжил гэж юуг ойлгох вэ?
-Аливаа улсын хөгжлийг орон нутаг, бүс нутаг, үндэсний хэмжээнд гэсэн гурван түвшинд авч үзэж болдог. Харин энэ нутаг дэвсгэрээс гараад явахаар эдийн засгийн бүс, хөрш орон, дэлхийн эдийн засаг гээд явна. Нутаг дэвсгэрээр нь авч үзэхэд эдийн засгийн нөөц хязгаарлагдмал болохоор аль ч улс бүх нутгаа бүрэн хамарч хөгжүүлсэн туршлага түүхэнд байхгүй.
-Тэгэхээр тухайн улсын аль нэг хэсэг нь хөгжлөөрөө тааруу л байх нь байна, тийм үү?
-Тийм, мөн нөөц газар, газар өөр байдаг. Нэг газар байгаа нөөц нь нөгөө газарт байхгүй. Тиймээс эдийн засгийн утгаараа энэ нөөцийг солилцож, худалдаж ашиглана. Дэлхий нийтэд анх газар зүйн их нээлтийн үеэс эхлэн түүнийг дагасан худалдаа дэлхийн өнцөг булан бүрд хүрсээр даруй 700 гаруй жил өнгөрчээ. Мөн нөөцийг холбох хамгийн том систем нь логистик. Тээврийн болон худалдааны, эсхүл үйлдвэрлэлийн сүлжээ юу гэдгээс хамаарна. Нөөцийг боловсруулаад, үйлдвэрлээд тээвэрлэдэг. Ийм тээврийн сүлжээг ч бүх улс нутаг дэвсгэрээ бүгдийг нь хамарсан байдлаар хийж чадаагүй л байгаа. Харин одоогоос 130-140 жилийн өмнө АНУ нөөцөө үйлдвэрлэл болгохын тулд төмөр замыг хөгжүүлсэн. Нөөц хаана төвлөрч байна, тэнд зардал бага гарахаар үйлдвэрлэлийг хөгжүүлсэн. Ихэнхдээ ган, төмөр, уул уурхайн үйлдвэрийн нөөц нь байршсан газарт салбарууд хөгжиж, тэр бүс нутгийн, үндэсний эдийн засаг сэргэсэн түүх бэлхэнээ байна. Харин нэг газар үүссэн энэ бүс өөр газарт байх уу үгүй юу гэдгийг судалж байж л тогтооно. Улс орнууд эхлээд газар тариалан хөгжүүлсэн. Манай улсын хувьд Төв, Сэлэнгэ аймгийн нутгуудад газар тариалнгийн бүс болгож хөгжүүлсэн. Нэг хэсэг нөөцийг ашиглаад эхлэхээр өөр бусад нөөц ч ашиглагдаж эхэлдэг. Хайгуул хийж илрүүлээд олборлохоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл явсан сүлжээний систем чинь автомашины, барилгын гээд үйлдвэрийн том төвүүдийг үүсгэсэн. Үйлдвэрийн бөөгнөрөл үүсэхээр хүн амьдрах орон байр, өөр бусад хөрөнгө оруулалт, санхүүжилт, худалдаа гээд аж үйлдвэрийн бодлого төлөвлөлт явагдахын зэрэгцээ барилга дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн салбар хөгжөөд хот гэсэн нэг бүс үүсч байдаг.
-Таны ярьснаас бодохоор манай улсад байгаа жишээ нь Эрдэнэт, Дархан юм биш үү?
-Тэгэлгүй яах вэ, манай улс 1990-ээд оноос өмнө 20 жилийн хугацаанд аймгийн төвүүдийг том үйлдвэртэй болгоно гэдэг хөгжлийн төлөвлөлт хийж байсан. Үүнийгээ дагаад аймгийн төвүүд бүгд хот гэдэг нэртэй, тэр нутаг дэвсгэрт эдийн засгийн үйл ажиллагааг төвлөрүүлэх гэж үзсэн. Гэхдээ дээрээс хэт удирдлагатай явсан болохоор үр ашигтай ажиллаж чадаагүй. Тийм болохоор энэ систем ганхсан. Мөн дандаа зээл, шилжүүлгээр хийгдсэн нь өмнөх төлөвлөлтөөс гарсан том сургамж. Одоо бид сүүлийн 30 жилийн хугацаанд хөдөө орон нутаг руу чиглүүлж, нийгэм, эдийн засгийн үйлчилгээний төвлөрөл багассанаас болоод хүн амьдрах боломж нь хязгаарлагдмал болсон. Үүний улмаас Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Уг нь шилжилт муу зүйл биш. Харин түүнийг яаж удирдах вэ гэдэг нь л асуудал.
-Анх 2001 онд “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” гээчийг баталсан юм билээ?
-Тэртээ 1990-2000 он хүртэлх 10 жилийн хугацаанд Монгол Улс тогтолцооны шилжилт хийсэн. Харин 1990-ээд оны дундаас улс орнуудын нэгэн адил бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, судалгаа шинэчлэн хийгдсэн. Энэ үеийн судалгааг хийж байхад манайх бэлчээрээ дагаж буюу урдаасаа хойшоо босоо хөгжих юм байна, байгалийн бүслүүрээрээ ч гэсэн босоо хөгжих юм байна гэдгийг олж харсан. Гэсэн хэдий боловч хүн амын нутагшил, байгалийн бүслүүр, үйлдвэрлэл эрхлэх туршлага, ажиллах хүч бүрэлдсэн эсэх гээд олон зүйлийг аваад үзэх хэрэгтэй болсон. Энэ үед хийгдсэн судалгаанаас харахад, хүн амын нутагшил, суурьшлаар нь аваад үзэхэд 96 төвлөрсөн бүс үүссэн байжээ. Мөн манай улсад хотжилт гэсэн төлөвлөгөө огт гараагүй. Тэр үед хувьчлал явагдаад үйлдвэрүүд нь хаалгаа хаачихсан учраас хотжилтын төлөвлөгөө яваагүй учраас газар зохион байгуулалт “эзэнгүйдсэн” гэж болно. Гэтэл бүсчилсэн хөгжлийн хамгийн гол суурь нь газар зохион байгуулалт. Гэтэл энэ нь байхгүй болохоор хаана, хаана хот үүсэх нь мэдэгдэхгүй. Дээрээс нь Монгол Улс түхий эд бэлтгэдэг орон байх уу, үйлдвэрийн орон болох уу. Эсвэл үйлчилгээний, худалдаа эрхэлдэг улс болох юм уу гэсэн чиглэл нь тодорхойлогдоогүй. 2001 оны бүсчилсэн хөгжлөөр авч үзэхэд эхлээд таван бүсийн дэд бүтцийг босоо байдлаар нь уялдуулъя гэж гаргаж ирсэн. Баруун, хангайн, төвийн, зүүн бүс, нэмээд Улаанбаатар гэсэн бүсүүдэд хөгжүүлэх чиглэлтэй болсон. Харамсалтай нь, тухайн үед үйлдвэр хөгжүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан, санхүү, мэдээллийн сүлжээ гээд олон чухал зүйл зах зээлийн тогтолцоонд нийцсэн хэлбэрээр хөгжих боломж байгаагүй. Эрчим хүчийг авч үзэхэд одоо ч тасалдаад байгаа нь үүнтэй холбоотой. Эрчим хүч битүү хэлхээнд ажиллаж байж үр ашигтай байдаг гэж тухайн салбарын экспертүүд ярьдаг. Харин манайд Дархан-Эрдэнэт-Улаанбаатар гурвыг холбосон битүү хэлхээ л байгаа. Бусад нь дандаа агаараар цахилгаан дамжуулах сүлжээ явдаг. Очиж байгаа шугам нь үйлдвэрлэлийг дааж чадахгүй учраас бүс нутагт үйлдвэрлэл хөгждөггүй. Одоо ч гэсэн тийм шүү дээ. Харин бүс нутгаар холбочих юм бол суманд хүртэл Засгийн газар очиж ажиллах биш, орон зайнаас удирдах боломжтой. Эдгээр бүсдээ дулаан, эрчим хүч, усны хөрөнгө оруулалт хийгдвэл олон салбар ажлын байраар хангагдах боломж гарна. Мөн бүсдээ боловсрол, эрүүл мэндийг шийдэх нь ч зардал багатай. Тийм болохоор л бүс нутаг гэдэг ойлголт гарч ирдэг. Гэвч 2001 оны хуулийг хэрэгжүүлэх Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохион байгуулалтын тухай хууль нь хоёр жилийн дараа буюу 2003 онд гарсан. Харамсалтай нь одоо хүртэл хэрэгжихгүй явж байна.
-Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Тэгэхээр 20 гаруй жилийн өмнө эхлүүлсэн ажлаа хийхээр, дуусгахаар зорьж байна гэж болох уу. Ер нь одоо бүсчилсэн хөгжлийг хөгжүүлэх боломж нь бүрдэж чадсан уу?
-Эргэлзээтэй, яагаад гэхээр бүсчилсэн хөгжлийн суурь болсон хүн амын нутагшил, засаг захиргааны төлөвлөлт “бүдэг” байна. Нутагшил суурьшлын 96 бүс маань одоо 88 болоод буурчихсан. Харамсалтай нь, үүнийг ярьж байгаа институц огт алга. Эхлээд бид хүн амаа яаж суурьшуулах юм бэ, ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэдгээ шийдэх ёстой. Гэтэл саявтархан Хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж чадсангүй, хойшлуулчихлаа. Нөөц нь хэдий байгаа ч түүнийг яаж ашиглах вэ гэдэг хөрөнгө оруулалтын суваг нь орж өгөхгүй байна. Ийм нөхцөлд үйлдвэрлэл, санхүүжилт, худалдаа, хөрөнгө оруулалтын удирдлага нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Монгол Улс өнөөдөр 70 орчим сая толгой малтай л гээд байдаг. Гэтэл түүнийгээ төрөлжүүлээд хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого байна уу. Уг нь хуулиасаа өмнө хөрөнгө оруулалтын бодлого нь гарвал хуулиа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой болно. Угаасаа бүс нутгийн хөгжлийн хамгийн гол зүйл нь хөрөнгө оруулалтын бодлого шүү дээ. Бид эх орныхоо хаана нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл, уул уурхайгаа төрөлжүүлэх юм бэ гэсэн бодлогоо нэн даруй тодорхойлж гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид төдийгүй дотоодын ажиллах хүч ч угаасаа биднээс ийм л зүйлийг хүлээж байгаа. Харин үүнийг хэн төрөлжүүлж хийх вэ гэдэг чинь л асуудал. Засгийн газар өнөөдөр өөрөө хөгжүүлэх гээд зүтгээд байгаа нь зардал өндөртэй болгоод байгаа юм. Тиймээс доороосоо буюу хувийн хэвшлийнхээ санаа, бодлыг асуумаар байна. Нөөцийг хэрхэн ашиглах технологи, инноваци нь тэдэнд байгаа.
Бүс нутаг бүрийнхээ онцлогийг гаргасан маркетинг хэрэгтэй. Үйлдвэрлэл хөгжих чигийг нь заахгүй, хөрөнгө оруулалтын бодлого байхгүй хэрнээ хуулиасаа эхлэх гээд байна. Хөгжлийн бодлогын чиглэл, төрөлжилт дээрээ зөвшилцөөгүй хүмүүс чинь юунд ингэтлээ маргаад байгаа юм бол оо. Өнөөдөр манай улсын газар нутгийг 40 жил ашигласан гаднынхан байна уу, байхгүй шүү дээ. Гэтэл ийм байхад 100 жилээр өгөх (уг нь бол ашиглуулах) гэлээ гээд буруутгаад байж болохгүй.
-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр л “хадны мангаа” гэдэг хэсэг бүлэг байх юм байна шүү дээ?
-Нөөцийг ашиглаж байж илүү орлого олж, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлнэ. Өмнөговь аймгийн Ханбогд сум 20 жилийн өмнө ямар байсан билээ. Гэтэл 2009 оноос гадаадын хөрөнгө оруулалт ороод эхлэхэд үйлдвэрлэлд “хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал” хамгийн чухал гэдгийг ойлгуулж, ил тод, хариуцлагатай уул уурхайн стандартыг нутагшуулж өглөө. Үүний зэрэгцээ орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй гэрээ хийж, одоо 900-гаад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллагын ард хэчнээн хүний амьдрал байгаа вэ. Дэлхийн том үндэстэн дамнасан корпорацийг дагаад хөгжих боломж Монгол Улсад гарсан туршлага биз дээ. Тиймээс одоо бидэнд байгаа үйлдвэрүүдээ яаж ийм өрсөлдөх чадвартай болгох вэ гэсэн бодлого хэрэгтэй байна.
-Та түрүү нь яриандаа энэ асуудал дээр хэн манлайлал үзүүлэх вэ гэж ярьсан. Тэгвэл Засгийн газраас бүсчилсэн хөгжлөө ярьж, зарим бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж байгаа нь манлайлал биш үү?
-Орон нутгийн иргэдийнхээ санаа, бодлыг, ямар
үйлдвэрлэл хөгжүүлмээр байгааг нь Иргэдийн хурал нь сонсдог, түүнийгээ нэгтгэдэг, түүнийгээ Засгийн газарт санал болгодог болмоор байна. Төрөлжилтийн чиглэлийг Засгийн газар тодорхойлж болно. Өнөөдөр Засгийн газар 21 аймаг, 360 суманд нэг бүрчлэн хүрч ажиллах нь өндөр зардалтай байгаа учраас 5-6 бүс болгочихвол бодлогын зардал буурна. Бүс нутгаараа аймгууд хамтарч шийдвэрээ Засгийн газарт өгдөг байвал бүсийн засаглал ажиллана.
-Бүсчилсэн тойргоос УИХ-ын гишүүдээ сонгодог болох нь бүсчилсэн хөгжлийг хөгжүүлэхэд хэр тус, нэмэртэй вэ?
-Улс төрийн тойргууд нь эдийн засгийн нөөцийг ашиглах тойрог мөн үү гэдэг дээр эдийн засгийн нарийн судалгаа хийгээгүй байна. Ер нь практикт улс төрийн тойрог, эдийн засгийн тойрогтойгоо давхацдаггүй байх аа. Эдийн засгийн утгаараа авч үзвэл замыг үр ашигтай хөгжүүлэх хоёр чиглэл бий. Нэгдүгээрт, ашиглах гэж байгаа нөөцдөө нийцүүлж замаа барьдаг. Нөгөө нь, замаа дагаж хөрөнгө оруулалтууд хийдэг. Харин бид хоёр дахийг нь сонгосон. Жишээлбэл, Мянганы зам нь анхныхаа бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөөсөө өөрөөр явчихсан юм. Анхны бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн дагуу гарч байсан “Мянган зам” бол одоогийн зам биш. Үүнийг судалсан судалгаа байгаа ч олон нийтэд хүрээгүй байна. Ингээд харахаар бид өмнө нь гаргасан хууль, хөтөлбөрөө хэрэгжсэн эсэх дээр дүн шинжилгээ огт хийдэггүй. Үүнээсээ болоод бид их алддаг. Дандаа л ийм зүйл хийе, болгоё гэж асуудалд ханддаг. Гэтэл хийсэн зүйлээ зөв буруу, үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг эцсийн үр дүнгээ үнэлэх нь хэрэгтэй. Хүмүүсийн хандлага ч ийм л болчихоод байна.
-Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангана гээд “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь таны ярьсан хүн амын нутагшил, суурьшлыг нэмэгдүүлэх зүйл мөн үү?
-Шилжилт, хөдөлгөөний талаарх олон орны зохицуулалтаас харахад, нэн тэргүүнд, амьдрах байр, ажиллах байр гэсэн хоёр зүйлийг шаарддаг. Энэ хоёр байгаа бол тухайн газарт шилжихийг хүн амдаа зөвшөөрдөг. Гэтэл бид энэ хоёрыг алийг нь ч хэрэгжүүлээгүй. Үр дүн нь өнөөгийн Улаанбаатар. Үүний хамгийн том сургамжийг Засгийн газар авах ёстой. Яагаад гэхээр Засгийн газар нь бодлогоо хэрэгжүүлж чадахгүй буюу ердөө 1.3-1.8 жилийн настай явж ирлээ. Бодлогоо хэрэгжүүлж чадаагүй учраас л хүмүүсийн сонголт, шийдвэр ийм алаг цоог болчихоод байгаа юм. Хэрвээ бид боловсруулсан бодлогоо шинжлээд үнэхээр болохгүй байна гэсэн дүгнэлтэд хүрвэл дараагийн зүйлийг нь сорьж үздэг байдал руу явах ёстой. Одоо бол нэгэнт хийснээ буруу, эсвэл зөв байсан тухай ярих нь ховор болсон. Тиймээс улстөрчдөөс бүс нутгийн хөгжлийг дэмжсэн хэдэн хууль санаачилсан, тэдгээр нь хэдэн хувийн хэрэгжилттэй байсныг нь асуудаг болох хэрэгтэй. Бодлого нь ил тод, зөв тодорхойлогдоогүй учраас хүмүүс сонголтоо цахим ертөнц, бусад орны хөгжлөөс авч байна. Тэгээд алдаа мадаг гараад буруудахаар “Мөнгө алга” гэсэн тайлбар хэлдэг. Мөнгө байгаад ажил хийдэг гэсэн логик эдийн засагт байдаггүй юм. Монголчууд чинь огт мөнгөгүй эхэлсэн юм биш үү? Оюу толгойн төслийг аваад үзье. Тухайн үед Засгийн газар нь ч мөнгөгүй байсан. Харин хүмүүсийн хүсэл эрмэлзэл байсан учраас хийж чадсан юм. Гэтэл одоо дараагийн гарч ирэх залуус, үйлдвэртээ тодорхой чиглэл хэрэгтэй байна. Үүнд нь бүс хэрэгтэй болчихоод байгаа юм.
Эх сурвалж: https://dnn.mn/