"Монголын эдийн засгийн чуулган: Бүсчилсэн хөгжил” сэдэвт хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Үдээс өмнөх нэгдсэн хурлын дараа хойд, говийн, зүүн, хангайн, төвийн болон баруун бүсийн хөгжлийн бодлогыг зургаан салбар хуралдаанаар хэлэлцэв.
МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цэвэлмаагаас энэ бодлогын талаар тодрууллаа.
-2003 онд Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохион байгуулалтын тухай хуулийг баталснаас хойш Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх асуудал сүүлийн 20 жилийн турш зогсонги байв.
Судлаачид бүсчилсэн хөгжлийн олон судалгаа хийсэн. Эдийн засгийн газар зүйг олон талаас нь манай багш нар судалсан. Энэ ойлголт одоо гео-газар зүй болж, шилжилт хийгдэж байна. Нэг аймаг дангаараа хөдөө аж ахуйгаас аж үйлдвэр рүү шилжих нь хүндрэлтэй. Иймд бүсээр нь авч үзэн, шилжвэл бидэнд илүү боломж бий.
Шинэ үеийнхэндээ шинэ ажлын байр, шинэ боломжийг нээхэд ажиллах орон зай үүслээ. Мөн үйлдвэрлэл, мэдээллийн технологийг хослуулах цаг ирсэн. Дан ганц үйлдвэр хөгжүүлэх тухай яриад хэрэггүй. Үйлдвэрлэлийг мэдээллийн технологиор удирдаж байгаа тул үүнтэй холбоотой дүрэм журам, зохицуулалтын орчныг үүсгэх хэрэгтэй.Санхүү, хүний нөөцийн хязгаарлагдмал нөөцтэй манайх шиг оронд бүсчилсэн бодлого их чухал.
Бодлогоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд улс даяараа бүсийн талаар нэгдмэл ойлголттой байх хэрэгтэй. Энэ бодлого 20 жил хэрэгжээгүй талаар дурдсан. Төрийн байгууллагууд хурдан зохион байгуулалтад орох давуу талтай. Гэсэн ч орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчдад шинэ бодлогоо сайтар танилцуулан, энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх учиртай.
Энэ оны парламентын сонгуулийг шинэ тойргоор явуулах болсон тул бүсийн хөгжлийг өнөөдөр Төрийн ордонд болон бусад газруудад өргөн хүрээнд ярьж байна. Аймаг, сумын Засаг дарга нарыг сонгууль хүртэлх хугацаанд дахин бэлтгэх хэрэгтэй. Сум аймгууд дараагийн 20 жилд нэгдэж, юу хийж болох вэ гэдгээ одооноос ярьж, судлах хэрэгтэй байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээс өмнө зургаан хэлэлцүүлэг болсон. Эдгээрт ч сум, аймгийн Засаг дарга нар оролцон, бүсийн шинэ бодлогын талаар тодорхой ойлголт авсан.
Ерөнхийдөө бид замаа засчихлаа. Одоо зам дээр юугаар явах вэ буюу ямар бүтээгдэхүүнээр хөгжих үү гэдгээ шийдэх цаг. Сумд нийлж, юуг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой вэ? Аймгууд ямар бүтээгдэхүүн хийвэл “зам” нь чөлөөгүй, байнгын ачаа тээх вэ гэдгээ бодно гэсэн үг юм. Сум, бүс бүр ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Жишээ нь Хөвсгөлд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхдээ нутгийн иргэдэд түшиглэх үү, хил орчмын аялал жуулчлал байх уу гэдгээ шийдэн, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ аль болох төрөлжүүлэх хэрэгтэй.
Жимс байлдаа гэхэд тосыг нь гаргах у, чанамал хийх үү, шүүсийг нь шахах юм уу гэдгээ шийдчихвэл илүү хурдан хөгжинө. Бүтээгдэхүүн хөгжүүлэхэд дунджаар гурван жил, зах зээлд нэвтрэн ороход 10-12 жил шаарддаг тул бүс нутгийн хөгжлийн үр дүн хурдан гарахгүй.
Өнөөдөр энд бүсчилсэн хөгжлийн бодлогын эхлэлийг тавив. Цааш хөдөлгөх механизмыг бүрдүүлэх ажил үлдлээ.
Өнөө өглөө 09.00 цагт болсон хурлыг нээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн. Түүний бүсчилсэн хөгжлийн онцлох ишлэлүүд:
Энэ форумын гол зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм. Энэ онд Улсын Их Хурлын сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Энэхүү форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр туйлын чухал ач холбогдолтой юм.
Та бүхний оролцож буй хэлэлцүүлэг, дэвшүүлж буй санал бүхэн Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох үнэ цэнэтэй санаачилга юм. Учир нь форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах болно.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлснээр эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд тулгуурлаж хөрөнгө оруулалтыг төлөвлөснөөр шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг бидний тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэнэ гэв.
Эх сурвалж: https://gogo.mn/