Хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид нийт 90 хувьцаат компани ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ ирүүлээд байна. Хувьцаат компаниудын ногдол ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 22.35 хувиар өсөж, 799.22 тэрбум төгрөг хүрснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Нэр бүхий 40 хувьцаат компани 2023 оны цэвэр ашгаас дээрх үнийн дүнтэй ногдол ашиг хуваарилах юм.
2022 онд 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөг, 2023 онд 38 хувьцаат компани 653.2 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилж байсан бол сүүлийн хоёр жилд ашгийн хэмжээ нь тав дахин өсөөд байна.
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй, ногдол ашиг олгохоор шийдвэрлээд буй 41 компанийн 15 нь “Топ 20” индексэд багтаж буй компаниуд байгаа аж. “Топ 20” индексийг бүрдүүлж буй компаниудын ногдол ашиг хуваарилах хэмжээ одоогоор зарлагдаад буй 41 компанийн үнийн дүнгийн 92 хувь буюу 732.5 тэрбум төгрөг болж байна. Харин таван компани ногдол ашиг олгох эсэх шийдвэрээ танилцуулаагүй байгаа юм.
“Топ 20” компанийн ногдол ашиг тараах нийт үнийн дүнгийн 271 тэрбум төгрөг буюу 37 хувийг “ХААН банк “ХК, 263 тэрбум төгрөг буюу 36 хувийг “Тавантолгой” ХК эзэлж байгаа бол 54 хувийг нь банкны салбар бүрдүүлж байна.
Харин “АПУ" ХК болон "Инвескор ББСБ" ХК-ийн 2023 оны жилийн эцсийн тайлан гараагүй байгаа тул ногдол ашиг тараалтын харьцааг тооцоолох боломжгүй байгаа юм. Ногдол ашиг тараалтын харьцаа гэдэг нь тухайн компани тайлант оныхоо жилийн эцсийн цэвэр ашгаас хэдэн хувийг ногдол ашиг болгон тараахыг хэлдэг ба “Топ 20” индексийн хувьд “Газар шим” ХК 80 хувь, “Тавантолгой” ХК 70 хувь, “Төрийн банк” 56.7 хувийг олгохоор байгаагаараа тэргүүлж байгаа бол “Сүү” ХК цэвэр ашгийнхаа 12.9 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар байгаагаараа удаалж байна.
Эх сурвалж: https://www.bloombergtv.mn