2025 оны төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувьтай тэнцүү буюу ₮1.9 тэрбум байхаар төсвийн төсөлд тусгагджээ

Засгийн газраас өргөн бариад буй 2025 оны төсвийн төслийг УИХ аравдугаар сарын нэгэнд эхлэх намрын чуулганаар хэлэлцэж эхлэх юм. Төсөлд тусгагдсан онцлох тоонууд, зарцуулалтуудыг товчхон багцалъя.

2025 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33.8 их наяд төгрөг, зардлыг 35.8 их наяд төгрөг байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл саяхан тодотголоор баталсан 2024 оны зардлаас тав  гаруй их наяд төгрөгөөр илүү буюу мөн л түүхэн том төсөв батлагдахаар байна. Ингэснээр 2025 оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцүү буюу 1.9 тэрбум төгрөг байхаар тусгагджээ.

Мөн төсвийн орлогын гол хэсэг болох нүүрсний экспортын зорилт 2024 оныхоос нэмэгдэж, 83.6 сая тонн байхаар төлөвлөгдсөн юм. 2023 оны түүхэн дээд хэмжээг даруй 17 сая тонноор нэмэгдүүлсэн уг зорилтоос гадна зэсийн баяжмалын экспорт мөн ихээхэн өснө гэж тооцоолжээ. Ингэснээр төсөвт уул уурхайн салбараас төвлөрөх орлого 31 хувийг бүрдүүлэхээр байгааг Сангийн яамны тооцоолол харуулж байна.

2025 онд төсвөөс хийгдэх шинэ хөрөнгө оруулалт 3.58 их наяд төгрөг байхаас 84 хувийг нь буюу гурван их наяд төгрөгийг зөвхөн зам, тээврийн салбарт, есөн хувийг нь дэд бүтэц орон сууцжуулалт, долоон хувийг нь эрчим хүчний салбарт зарцуулахаар төлөвлөсөн байна. 2025-2028 онд 4439 км авто зам шинээр тавихаар Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаснаас гадна Тавантолгой, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг “Мега” төслүүдэд 36.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх урьдчилсан тооцоолол гаргажээ.

Эх сурвалж: https://www.bloombergtv.mn/