Хөдөлмөр эрхлэлтийн түвшин II улиралд 58.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.3 нэгж хувиар өсөв

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин энэ оны II улиралд 58.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.3 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.6 нэгж хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хүйсийн хувьд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 14.6 нэгж хувиар өндөр буюу эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 66.2 хувь, харин эмэгтэйчүүдийнх 51.6 хувь байна. 

Харин ажиллах хүчний оролцооны түвшин II улиралд 62.2 хувь болж, өмнөх  оны мөн үеэс 2.6 нэгж хувиар, өмнөх улирлаас 1.1 нэгж хувиар өсжээ. Эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 70.5 хувь, эмэгтэйчүүдийнх 54.5 хувь байгаа бол 25-29 насны бүлэгт оролцооны түвшин хүйсийн хувьд хамгийн өндөр зөрүүтэй байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 68 мянгаар, өмнөх улирлаас 14.5 мянгаар өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. 

Улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.2 хувь буюу 1.4 сая нь ажиллах хүч, 37.8 хувь буюу 868.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байгаа аж.

Нийт ажиллагчдын 53.5 хувь нь үйлчилгээний салбарт, 24.2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 22.4  хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байна. Ажиллагчдыг эдийн засгийн салбар болон насны бүлгээр харьцуулахад насны бүлэг тус бүрд үйлчилгээний салбарт ажиллагчид өндөр хувийг эзэлж байгаа бол тэтгэвэрт гарахад ойрхон болон тэтгэврийн насныхны хувьд хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын эзлэх хувь бусад насны бүлгүүдтэй харьцуулахад их байгаа аж. 

Бөөний болон жижиглэн худалдаа, автомашины засвар үйлчилгээний салбарт ажиллагчид өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.9 хувиар өссөн бол хөдөө аж ахуй, ойн салбарт ажиллагчдын тоо 11.4 хувиар буурчээ.

Хэдийгээр хөдөлмөр эрхлэлтийн түвшин болон ажиллах хүчний оролцооны түвшин статистик мэдээллээр өссөн үзүүлэлттэй байгаа ч тогтвортой ажиллах хүч дутмаг байгааг дотоодын компаниуд онцолж байна. Тухайлбал: Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Газар шим үйлдвэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал “Энэ оны эхний хагас жилийн байдлаар цалингийн хэмжээг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ тэлж буй ч тогтвортой ажиллах хүчний асуудал сорилт дагуулж байна” гэж мэдээлж байсан юм.

Эх сурвалж: https://bloombergtv.mn/