Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар хоёр талын худалдааг 20 тэрбум ам.доллар хүргэх зорилт дэвшүүлээд байна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Талууд Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж байгааг онцлоод хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хоёр улсын хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын хооронд тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг ажил хэрэг болгохын тулд нягт хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Хэлэлцээрийн үеэр гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн төслийн шинэчилсэн жагсаалтыг тохиролцож, Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ.

Мөн дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцсан байна. Тодруулбал: хоёр улсын боомтуудыг төмөр замаар холбох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна. Энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдийг эрчимжүүлэхэд БНХАУ-тай хамтран ажиллах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд онцолжээ.

Үүнээс гадна Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах, хил дамнасан усан аялал жуулчлалыг хөгжүүлэх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэвшүүлээд Буйр нуурын ойр орчим 4C зэрэглэлийн нисэх буудал байгуулахаар төлөвлөж байгааг тодотгов. Энэхүү төсөл нь Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улс хооронд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх “Цайны зам” хөтөлбөрийг дэмжих нэг том хүчин зүйл болох боломжтой аж.

Үүнээс гадна БНХАУ-ын дэд дарга Хань Жөн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд бараалхлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг онцолсон бол БНХАУ-ын дэд дарга Хань Жөн “Цаашид хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын харилцаа, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байгаа”-гаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: https://www.bloombergtv.mn/