МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс “АЗИЙН ОРНУУДЫН ШИНЭ ХЭВИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДАХЬ КЛАСТЕРУУД” сэдэвт олон улсын хурал, веб семинарыг 2020 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
COVID-19 цар тахлын хүндрэлээс үүдэн дэлхий дахины хувьд шинэ хэв маягийн амьдралд дасан зохицох, хандлагаа өөрчлөх, шинээр загварчлах сорилт тулгарч буй энэ үед “Азийн орнуудын шинэ хэвийн нөхцөл байдал дахь кластерууд” сэдэвт онлайн олон улсын хурал, веб семинарыг 2020 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд цахимаар болон МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд орчуулгатайгаар зохион байгууллаа.
Олон улсын цахим хуралд Европ, Латин Америк, Ази тивээс илтгэгч нар оролцож шинэ коронавирус халдварын нөхцөлд кластерууд хямрах шалтгаан, хямралыг даван туулахад анхаарах асуудал, халдварын дараах шинэ хэвийн нөхцөлд хэрхэн шилжих, мөн азийн орнуудын шинэ хэвийн нөхцөл байдлын үзэл баримтлал ба кластеруудын тухай хэлэлцсэн. Үүний зэрэгцээ орчин үед сургалтын арга зүйд гарч буй өөрчлөлт-цахим сургалтын давуу болон сул тал, сайжруулах арга замын талаар сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.
Бизнес эрхлэгчид, кластерийн судлаачид, сонирхогчдод зориулсан веб семинарыг ТCI глобал сүлжээний гүйцэтгэх захирал Патрисия Валденебро удирдаж явуулсан. Энэ үеэр судлаачид кластеруудын бизнесийн хамтын ажиллагаа бодит байдалд хэрхэн хэрэгждэг талаарх олон улсын жишээ болон үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих боломжуудын талаар, мөн азийн кластеруудын чиг хандлагын тухай судалгаа, туршлагаа хуваалцаж, санал солилцлоо.
Тус олон улсын эрдэм шинжилгээний онлайн хурал болон веб семинарыг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн нь Үндэсний хөгжлийн газар болон Харвардын Өрсөлдөх чадвар, стратегийн хүрээлэнгийн Азийн салбарыг төлөөлдөг Өрсөлдөх чадварын микроэкономиксийн Азийн бүлэг (MOC Asian Chapter), ТCI Глобал сүлжээ (The Cluster Initiative, TCI Global Network)-тэй хамтран зохион байгуулсан.
Хурлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье!