#1 Кластерийн тухай
Улс орон кластерт тулгуурлан хөгжих гэсэн санаа 30 жилийн өмнөөс дэлхий нийтэд дэлгэрч, кластерийн хөгжлийн туршлага нь нийгмийн үнэт зүйлс бүтээх рүү илүү чиглэж байна. Манай орны хувьд арав гаруй жилийн өмнөөс энэ нэр томъёо, ойлголт танил болсон хэдий ч хүмүүст кластерийн хөгжлийн тухай системтэй, цогц мэдлэгийн эрэлт улам өссөөр байна. Иймд Эдийн засгийн хүрээлэнгийн зүгээс кластерийн хөтөч хэмээх гарын авлагыг цувралаар та бүхэнд хүргэх гэж байна.
Хүснэгтээс харахад дэлхийн улс орнуудад “кластерийн хөгжил”-ийг түгээмэл хэрэглэх болжээ.
Кластерийн тухай олон янзын тодорхойлолт байдаг.
“Кластер бол хоорондоо холбоотой компаниуд болон тэдгээртэй тухайн нэг салбарт хамтран ажиллах институциуд нийтлэг ба дам байдлаар холбогдон газарзүйн байршлаар ойртсон бүлэглэл юм.” Professor Michael Porter, Harvard Business School, 1990 |
Кластер бол хувийн ба засгийн газрын хоорондох харилцааг холбож өгөх систем. Тухайлбал, жимсний салбарт тариалагчид, үйлдвэрлэгчид, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих бусад аж ахуйн нэгжүүд, тодруулбал, нөөц түүхий эд нийлүүлэгчид, тээврийн компаниуд, жижиглэнгийн борлуулагчид, боловсролын байгууллага, судалгааны институт, олон нийтийн байгууллага, зар сурталчилгааны агентлагууд бүгд хоорондоо холбоотойгоор үйл ажиллагаа явуулж, нийгэмд үнэт зүйлсийг хамтран бүтээнэ.
Дэлхийн улс орнуудын бизнесийн туршлагаас харахад аж үйлдвэрийн кластерүүд газарзүйн хил хязгаараас давсан харагдаж болох юм. Үүнээс гадна технологид суурилсан кластерүүд хөгжиж болох бөгөөд дийлэнх нь олон улсын кластерийн нэг хэсэг болох талтай. Шинээр боловсорч гарах кластерүүд гол төлөв бүс нутгийн ба үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.
Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд дэлхийн улс орнууд аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхдээ эдийн засгийн харилцаанд оролцогч талуудыг газарзүйн байршлаар нягт уялдуулж, улмаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зориулсан үнэ цэнэ бүхий бараа үйлчилгээг үйлдвэрлэхдээ эдийн засгийн үр ашиг юм уу инновацид (мэдлэг) түшиглэх гэсэн хоёр хандлагаар кластерийг хөгжүүлж байна. Эдийн засгийн үр ашгийн хүрээнд бүтээмжийг голлон анхаарна. Өөрөөр хэлбэл, бүтээмжийг хэмжихдээ хүчин зүйлсийн ашиглалтыг; түүнчлэн ашиглаж буй нөөц ба үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний харьцааг ашиглан кластерийн хөгжлийн түвшинг харуулна. Харин инновацийн хүрээнд шинээр бүтээгдэх мэдлэг, түүний бодит туршлага чухал. Үүнийг хэмжих нэг үзүүлэлт бол аж үйлдвэрийн салбарын ажиллагчид ногдох патентын тоо ба эрдэмтдийн тоо. Монголын жишээнд хувиргавал, чацарганы салбарын нэг ажиллагчид ногдох патентын тоо болон судлаачдын тоо гэх мэтчилэн бүртгэж тооцоолсоор ХАА, АҮ, үйлчилгээний салбарын нэг ажиллагчид ногдох патент ба судлаачдын тоог илэрхийлж харуулснаар салбарын өрсөлдөх чадварын түвшинг харах боломжтой.
Кластерийн тухай дэлгэрэнгүй судлахыг хүсвэл энд дарж үзнэ үү?