Кластерийн хөтөч: #3 Яагаад кластер чухал бэ?

#3 Яагаад кластер чухал бэ?

Инновацид түшиглэсэн компаниудыг хөгжүүлэх, тодорхой нэг бүс нутаг дахь салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд кластерийн ашиг тусыг нь үнэлж баршгүй юм. Кластер нь компаниуд дангаараа хүрч чадахгүй байсан зах зээлийн боломжийг илүү нэмэгдүүлэхэд тусалдаг. Кластерууд нь хүсэж буй өртөг/үнэ цэнэ ба эрсдэлээс тусах “өвдөлт”-ийг намдааж, компанийн өөрийн бизнесийн дүрэм журам, соёлыг олон улсын түвшинд нийцүүлэн өөрчлөх боломжийг нээж өгдөг. Кластерууд нь компаниудын өрсөлдөөний стратеги, бодлого, хүн амын хэрэглээний соёлыг илүү өндөр түвшин рүү хөтөлж, энэ хэрээрээ нийгмийн үнэт зүйлс бүтээхэд хувь нэмэр оруулах боломжтой.

Инноваци ба мэдээллийн технологийн хөгжил, хэрэглэгчид ба үйлчлүүлэгчдийн асар хурдтай өөрчлөгдөж буй хүлээлттэй компаниуд хөл нийлүүлэн алхахын тулд зөвхөн өөрсдийн дотоод үйл ажиллагаа ба өөрийн давуу талдаа найдах боломжгүй болжээ. Компаниуд хүчин чармайлтаа нэгтгэх, харилцан уялдаа холбоотой байх, байгаа болон байхгүй нөөцийг хамтран бүтээхийн зэрэгцээ хувиргаж ашиглавал өөрсдийнхөө өрсөлдөх давуу талыг харилцан нэмэгдүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, шинэ зах зээлд нэвтрэх эрсдэлийг бууруулах юм. Кластерууд нь компани хоорондын сургалт, туршлага солилцох, ноу-хауг харилцан ашиглах боломжийг санал болгосноор тэдэнд өрсөлдөх стратеги, өрсөлдөх чадвараа сайжруулах боломжийг олгодог. Үүний сацуу бизнесийн менежментийн хувьд олон давуу тал, өөрчлөгдөх боломжийг нээж байна гэсэн үг. Жишээлбэл, хамтарсан борлуулалтын сувгуудыг ашиглах нь кластерийн гишүүн тус бүрийн борлуулалтын сүлжээг нэмэгдүүлдэг; боловсон хүчний солилцооны (ялангуяа R&D зэрэг мэргэшсэн чиг үүрэг) зардлыг бууруулж, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хугацааг богиносгодог.

Кластержих нь тухайн бүс нутагт илүү шинэ, илүү үнэт зүйлийг бүтээх санаачилгыг дэмжиж, шинэ мэргэжил, шинэ ажлын байр, шинэ орлого, шинэ салбар гэх зэргээр бизнесийн бүтээлч байдлыг эрчимжүүлдэг. Тиймээс кластер дахь компаниуд хоорондоо илүү нарийн уялдаа холбоотой болж, бие биенийгээ дэмжих замаар бизнесийн орчноо хамтран сайжруулдаг.