Кластерийн хөтөч: #4 Кластерийн оролцогчдын чиг үүрэг

#4 Кластерийн оролцогчдын чиг үүрэг

Кластерийн гол оролцогч

Компаниуд бол кластерийн гол оролцогчид, тэд инновацилаг, шинэлэг байдлаараа ялгарч, нийгэмд үнэт зүйлс бүтээх хүч юм. Тэдгээрийн кластерт гүйцэтгэх үүрэг нь (аймаг, бүс нутаг, үндэсний хэмжээнд) газарзүйн байршлаар, мөн өртгийн сүлжээний аль нэгэн шат дамжлагад эзлэх байр сууриар ялгаатай байж болно.

Бизнесийн дэмжлэг

Компаниудыг шууд болон шууд бусаар байдлаар дэмждэг. Тухайлбал, тусгай зориулалтын машин, эд анги, түүхий эд, материал нийлүүлж, бизнесийн үйл ажиллагааг шууд дэмжиж болно. Мөн санхүү, венчурын хөрөнгө оруулалт, хуульч, дизайн, маркетинг, PR зэргийг багтаасан үйлчилгээний компаниуд нь бизнесийг эрчимжүүлэхэд шууд бус дэмжлэг болдог.

Зөөлөн дэд бүтцийн дэмжлэг

Өндөр гүйцэтгэлтэй кластерт үндсэн ба туслах бизнесүүд ганцаарчилж ажилладаггүй. Амжилттай кластерууд нь олон нийтийн оролцоотой байдаг. Орон нутгийн техник мэргэжлийн сургууль, политехникийн коллеж, их сургууль, судалгааны төв, хүрээлэн, орон нутгийн худалдаа, мэргэжлийн холбоод, эдийн засгийн хөгжлийн агентлагууд болон бусад нь компаниудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах нь сайн кластерийн үндэс болдог. Энэхүү зөөлөн дэд бүтцийн чанар, түүний доторхи багаар ажиллах цар хүрээ нь аливаа кластерийг хөгжүүлэх гол хүчин зүйл болдог.

Хатуу дэд бүтцийн дэмжлэг

Энэ бол биет дэд бүтэц: зам, боомт, хог хаягдлын боловсруулалт, цахилгаан, эрчим хүч, ус, далан, харилцаа холбоо гэх мэт. Энэхүү дэд бүтцийн чанар нь дор хаяж орон нутгийн, цаашилбал, үндэсний, олон улсын түвшинд нийцэхүйц байх ёстой.

Кластер дахь эдгээр дөрвөн тусдаа элементийг цөмийг тойруулан бүтээсэн тойрог хэлбэрээр дүрсэлж болно.

Эх сурвалж: Support to Cluster Development in Croatia: Cluster Development Handbook

Засгийн газар дангаараа кластерийг хөгжүүлэх боломжгүй, гэхдээ амжилттай кластерийн бизнес, инноваци, институцийн амин чухал орчинг бүрдүүлж тусалж болно.

"Засгийн газар эхний шатанд кластерийн зураглалын үйл явцыг удирдан чиглүүлэх, эцсийн шатанд аж үйлдвэр, бизнесийн хөгжлийг саатуулдаг бодлого, институцийн гацаан дээр төр, хувийн хэвшлийн яриа хэлэлцээрийг удирдан зохион байгуулах зэрэг өндөр түвшний үүрэг гүйцэтгэх ёстой."