#6 Кластерийн санаачилга
Дэлхийн улс орнууд кластерийг хөгжүүлэхдээ кластерийн санаачилга (cluster initiatives)-ыг хэрэгжүүлж байна. Кластерийн санаачилга нь эдийн засгийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх нэг механизм. 1990-ээд оны дунд үеэс кластерийн санаачилга хүчтэй өрнөж, 2005 оны байдлаар нийтдээ 1400 гаруй кластерийн санаачилга хөгжиж байгаа гэсэн тоо мэдээлэл байна.
Кластерийн санаачилгыг хэрэгжүүлэх байдлыг “Оркестра” гэдэг нэр томъёотой зүйрлэж болох юм. Симпони найрал хөгжим удирдаачтай, янз бүрийн хөгжмийн зэмсэгтэй, хөгжимчидтэй, нотын дагуу сайхан аялгууг хүмүүст хүргэдэг. Энд олон утга байна. Нэгдүгээрт, сонгодог хөгжим бол Европын соёл хэдий ч үүнийг бизнесийн хөгжилд ашиглах нь хүндрэлтэй биш, харин ч сонирхолтой, илүү төсөөллийг өгөх бололцоотой. Хоёрдугаарт, олон янзын хөгжмийг ашиглаж байгаа үед нэг нөгөөгүйгээр байх боломжгүй, энэ утгаар авч үзвэл, бизнес хоорондоо ойрхон байхаас гадна холбоотой ажиллана. Гуравдугаарт, хөгжимчин бүр өөрийн онцлог чиг үүрэгтэй, зах зээлийн харилцааны оролцогч бүрт ч гэсэн өөрийн чиг үүрэг бий. Дөрөвдүгээрт, удирдаач бүх хөгжимчдийг нотын хөдөлгөөнөөр чиглүүлнэ. Бизнест манлайлагч компани байх нь экспортоос орлого татахад нөлөөтэй. Гэх мэтчилэн оркестрийг даган олон үйлдлийг эрэмбэ дараатай тайлбарлаад байж болно. Энэ бол кластерийн санаачилгын сонгодог жишээ.
Хүснэгтээс харахад дэлхийн улс орнуудад “кластерийн хөгжил”-ийг түгээмэл хэрэглэх болжээ.
Кластерийн тухай олон янзын тодорхойлолт байдаг.
Кластерийн санаачилга бол кластерийн компаниуд, засгийн газар, судалгааны байгууллагуудыг оролцуулан тухайн бүс нутагт кластерийн өсөлт болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүчин чармайлтын зохион байгуулалт юм. Örjan Sölvell, Göran Lindqvist and Christian Ketels, The Cluster Initiative Greenbook, Ivory Tower AB, 2003 |
“Кластерийн санаачилга” нь хувийн компаниуд, засгийн газар, их сургуулиуд гэсэн субъектүүдийг нэгтгэж, тодорхой кластерийн стратеги ба үйл ажиллагааг тодорхойлон байнгын процесст оруулснаар түүний гүйцэтгэлийг тодорхой давтамжтайгаар шинжлэн динамик байдлаар хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ. Аж үйлдвэрийн салбарууд хэдийгээр олон талт оролцогчидтой боловч дээр дурдсан гурван субъектийн аль нэг нь байхгүй бол кластерийн санаачилга гэж үзэхгүй.
Глобал өрсөлдөх чадварын түүвэр судалгаагаар (2003) дэлхийн улс орнууд кластерийн санаачилгыг хөгжүүлэхдээ маш олон зорилтыг (дундаж нь 25) дэвшүүлдэг гээд эдгээр зорилтыг зургаан сегментэд хуваасан:
- Кластерийг тэлэх;
- Инноваци ба технологийг хөгжүүлэх;
- Боловсрол ба сургалтыг дээшлүүлэх;
- Худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх;
- Бодлогыг өөрчлөх;
- Судалгаа ба сүлжээ үүсгэх.
Энэхүү судалгаагаар, кластерийн санаачилгын 32 хувийг засгийн газар, 27 хувийг аж үйлдвэрийн салбарууд, 35 хувийг уг хоёр субъект хамтран үүсгэсэн гэжээ. Харин санхүүжилтийн эх үүсвэрийг авч үзвэл: засгийн газар 54 хувийг, салбарууд 18 хувийг, хоёр тал хамтран 25 хувийг анхлан гаргасан байна. Кластерийн санаачилгад хувийн компаниудын манлайлал их чухал бөгөөд кластерийн гишүүнчлэлийн татвараар санхүүжиж буй жишээ сүүлийн үед илүү хөгжиж байна. Гэхдээ хөгжиж буй орнуудын ихэнхэд засгийн газрын санхүүжилт чухал хэвээр байгаа болно.
Кластерийн санаачилгыг хөгжүүлсэн улс орнуудын сайн туршлагуудыг нэгтгэвэл:
- Кластерийн санаачилгын 81 хувь нь анхны зорилтоо биелүүлж, зөвхөн 4 хувь нь бага зэрэг өөрчлөлттэйгөөр хэрэгжиж байна.
- Улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нь кластерийн санаачилгыг хэрэгжүүлэхэд их нөлөөтэй. Засгийн газраас санаачилж буй кластерт компаниудын итгэлцлийн түвшин өндөр байхын зэрэгцээ орон нутагт нөлөө бүхий шийдвэр гаргагчидтай байх явдал их чухал.
- Улс орнууд олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд засгийн газрын санхүүжилтийг өрсөлдөөний процессийг идэвхжүүлэхэд чиглүүлж байгаа бөгөөд энэ нөхцөлд кластерийн санаачилга илүү үр нөлөөтэй.
- Кластерийн санаачилгыг үр өгөөжтэй төслүүдийн хүрээнд салангид санхүүжилттэйгээр гүйцэтгэвэл илүү сайн үр дүнтэй байна. Кластерийг тэлж өргөжүүлэхдээ нэг салбарт өөр өөр кластерийг үүсгэвэл илүү өгөөжтэй.
- Кластерийн санаачилгад чиглүүлэгчийн үүрэг их чухал бөгөөд түүний манлайлал нь өсөлтийн хувийг нэмэгдүүлэхээсээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлнө.
- Кластерийн санаачилга нь кластерийн хүчтэй талд суурилан оролцогч талуудыг хамруулан зөв бүтэцтэй байхын тулд хангалттай хугацааг төлөвлөж, зарцуулах шаардлагатай.
- Кластерийн санаачилга амжилттай хөгжихгүй байх шалтгаан нь хэлцэл зөвшилцөлд хүрч чадахгүй байх, бүтцээ зөв тодорхойлоогүй, чиглүүлэгч хүчтэй сүлжээ үүсгэж чадаагүй байх, оффисгүй байх, хүрэлцээтэй санхүүжилтгүй байх, брэнд хөгжүүлэхтэй холбоотой үүсэж болох асуудал гэх зэрэг өөрчлөлтөөс хамаарч байна.
- Кластерийн санаачилгын зорилго, үйл явцыг идэвхжүүлэхэд засгийн газрын бодлого, бусад холбоо бүхий хүчин зүйлс шууд бус байдлаар нөлөөлж болно. Орон нутгийн шийдвэр гаргагчид өрсөлдөх чадвартай холбоотой тодорхойлсон зорилгуудад илүү анхаарал хандуулах, тэр дотроос шинэ технологийг урамшуулах болон техникийн хандлагыг хянахад илүү нөлөө үзүүлэх шаардлага тулгарна.
Кластерийн санаачилгыг хэрэгжүүлэхэд үндсэндээ дөрвөн үе шатыг дамжина. Эхний үе шатанд кластерт оролцогчдын өнөөгийн шинж байдлыг тодорхойлно. 2 дахь үе шатанд кластерийн санаачилгын стратегийг тодорхойлон процесс болгож эхэлнэ. 3 дахь үе шатанд кластерт оролцогчдод лидер чухал учраас цаг хугацааг хэмнэх, янз бүрийн санааг эмхэтгэх, үйл ажиллагааны явцад гарах зардлыг бага байлгахын тулд кластерт оролцогчдын бизнесийн стратегийг өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглүүлэхээр бодлогын ба институцийн асуудлаар төр, хувийн хэвшлийн яриа хэлцлийг үүсгэж, шийдэлд хүрнэ. 4 дэх үе шатанд кластерийн санаачилгыг амжилттай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны институцийг хөгжүүлж, цаашид тогтвортой ажиллах суурь хөрсийг бэхжүүлнэ.
Зураг: Кластерийн санаачилгын үе шат
Эх сурвалж: The Cluster Initiative Greenbook, 2003; p.13, Clusters for Competitiveness: A Practical Guide and Policy Implications for Developing Cluster Initiatives, p.4
Глобал кластерийн санаачилгын түүвэр судалгааны үр дүнгээс харахад:
- Салбарын өөрийнх нь төслүүд ба засгийн газрын аж үйлдвэржүүлэх хөтөлбөрүүд кластерийн санаачилгыг үгүйсгэж болох талтай.
- Кластерийн санаачилгыг засгийн газар эхлүүлэх бөгөөд ерөнхийдөө гурван жилийн хугацааг зарцуулж байна.
- Кластерийн санаачилгыг эхлүүлэхэд засгийн газрын санхүүжилт голлох үүрэгтэй боловч дараагийн үе шатуудад гишүүнчлэлийн татвар их нөлөөтэй. Тиймээс кластерийн санаачилгууд тогтвортой хөгжихөд төсөлд тулгуурласан байгууллагаас гишүүнчлэлд түшиглэсэн байгууллага руу шилжинэ.
- Кластерийн санаачилгыг энгийнээс нарийн руу шилжүүлэхэд, эсвэл зорилгыг ерөнхийгөөс тодорхой болгох арга зам байхгүй ч дараа дараагийн үе шатанд худалдааны хамтын ажиллагааны үүрэг багасаж, инкубаторын үүрэг нэмэгдэж байна.
- Хөгжлийн үе шатны дагуу кластерийн санаачилга нь кластерт суурилсан хамтын ажиллагааны институци болох тал руу чиглэж байна.
Кластерийн санаачилга тэгээс эхэлнэ гэж хэзээ ч байхгүй, кластер өөрийн гэсэн түүхтэйгээс гадна ялгаатай үе шатуудын хооронд хоёр төрлийн шилжилт явагдана. Үүнд: нэгдүгээрт, кластерт дүн шинжилгээ хийн боловсруулсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэх шийдвэр болгосноор кластерийн гишүүдийн оролцоонд асар том шилжилт хийгдэнэ; хоёрдугаарт, анхны төслийн бүтэц илүү институцийн хэлбэртэй болж, хамтын ажиллагааны институци (IFC) илүү байнгын ажиллагаатай болж ирнэ.
Кластерийн санаачилга нь эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох субъектүүдийн, тухайлбал, засгийн газар, хувийн сектор, их сургууль, салбарын холбоод гэх зэрэг оролцогч талуудын хүчин чармайлтыг боловсронгуй болгоно. Кластерийн санаачилгын урьдач нөхцөл нь аж үйлдвэржүүлэх хөтөлбөр, бүс нутгийн болон инновацийн бодлогын хөтөлбөрийг оролцуулан аж үйлдвэрийн холбоо, сүлжээ, хамтран ажиллах институцийн үүрэг, хариуцлагыг сайжруулах үйл явцыг харуулна. Үүний дараа кластерийн санаачилга нь албан ёсоор засгийн газар, аж үйлдвэрийн салбар, их сургуулийн хамтын ажиллагааг нэгтгэж, илүү институцийн хэлбэртэй болсноор кластерт суурилсан хамтын ажиллагааг төлөвшүүлэх болно.