Кластерийн хөтөч: #7 Өрсөлдөх чадварын микро эдийн засаг (MOC)

#7 Өрсөлдөх чадварын микро эдийн засаг (Microeconomics of Competitiveness, MOC)

Харвардын Бизнесийн сургуулийн Стратеги, өрсөлдөх чадварын хүрээлэнгийн захирал, профессор Майкл Портер нь 2002 онд “Өрсөлдөх чадварын микро эдийн засаг” гэсэн академик сүлжээг үүсгэн санаачилсан.

“Өрсөлдөх чадварын микро эдийн засаг” (MOC) нь улс орон, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах сургалтын платформ юм. Ирээдүйд бизнесийн болон засгийн газрын удирдагчдыг өрсөлдөх чадварын үзэл баримтлалд сургадаг. Ерөнхийдөө засгийн газар болон хувийн хэвшилтэй хамтарснаар их сургуулиуд нь улс орныхоо эдийн засгийн бодлого, бизнесийн хөгжлийг түүчээлэх санаачилгын гол цэг болдог. Хичээлийн эцсийн зорилго нь уг хичээлийг зааж буй орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлэх явдал юм.

2008 онд 84 их сургууль MOC-ийг зааж байсан бол 2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийтдээ 126 их сургуульд 536 багш зааж байгаа бөгөөд санаачилгын хүрээнд зөвхөн “өрсөлдөх чадвар”-аар судалгаа хийдэг 101 хүрээлэн үүсгэн байгуулагджээ.

МОС сүлжээ нь Харвардын Бизнесийн сургуулийн Стратеги, өрсөлдөх чадварын хүрээлэнгээс боловсруулсан сургалтын хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн, холбогдох материалыг дэлхий даяар түгээх платформ болсон. Сүлжээний бүтцийг ашиглан багш нар заах, кейс боловсруулах, судалгаа хийх чиглэлээр мэдлэгийн цар хүрээгээ өргөжүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадварын манлайлагч болохоор хамтран ажиллаж байна.

МОС академик сүлжээ нь Европ, Латин Америк, Азийн гэсэн салбартай.